Хүчин төгөлдөр болох: 2026 оны 10-р сарын 19 — тэр өдрөөс эхлэн дахин зөвшөөрөл асууна
Заал бүртгүүлэх, төлбөр хүлээн авах, цуцлалтын хариуцлага, өр суутгалын журам.
1. Бүртгэл үнэгүй
- Заал бүртгүүлэх, платформд байршуулах нь үнэгүй. Заалаас шимтгэл авахгүй — таны тогтоосон цагийн үнийг бүтнээр нь шилжүүлнэ. Платформ сайтад таны үнэ дээр цаг тутамд 5,000₮ нэмж харуулдаг бөгөөд үүнийг захиалагч төлнө. Харин та сүүлийн мөчид цуцлах, эсвэл «тоглох боломжгүй» гомдол үндэслэлтэй гарвал захиалагчид буцаасан платформын хэсгийг таны өрөнд бичнэ.
- Бүртгэлийн дараа манай ажилтан заалтай танилцаж, эзэмших эрхийн баримт, дансны мэдээллийг шалгаад баталгаажуулна. Баталгаажих хүртэл заал нийтэд харагдахгүй, захиалга авахгүй. Баталгаажсаны дараа заалын нэр, хаяг, зураг, үнэ болон таны оруулсан холбоо барих утас нийтэд харагдана — хувийн дугаараа биш, заалын дугаар оруулахыг зөвлөж байна.
- Бүртгүүлсэн хүн заалыг төлөөлөх эрхтэй (эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн хүн) байна.
2. Заалын үүрэг
- Заалын мэдээлэл, тохижилт, зураг, үнийг бодитоор оруулж, өөрчлөгдвөл шинэчилнэ.
- Хуваарь (сургалт, байнгын түрээс, арга хэмжээ)-аа цаг тухайд нь оруулна. Утсаар авсан захиалгыг ч системд бүртгэж, давхар захиалгаас сэргийлнэ.
- Баталгаажсан захиалгыг биелүүлж, захиалсан цагт талбайг чөлөөтэй, бэлэн байлгана.
- Байгууламжийн аюулгүй байдал, ариун цэврийг хангаж, шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй ажиллана.
- Захиалагчийн утасны дугаарыг зөвхөн тухайн захиалгатай холбоотой асуудлаар ашиглана.
3. Төлбөр хүлээн авах
- Захиалагчийн төлсөн мөнгийг тоглолт дуустал платформ хадгална. Тоглолтын цаг дуусмагц заалын хэсгийг таны бүртгэлтэй дансанд автоматаар шилжүүлнэ.
- Данс нь гэрээ байгуулсан хуулийн этгээдийн (иргэн бол өөрийн) нэр дээр байна. Дансаа солих бол бид эзэмшигчийн нэрийг шалгаж дахин баталгаажуулна.
- Татвар, НӨАТ, И-баримтын үүргийг заал өөрөө хариуцна.
4. Түншлэлийн гэрээ
- Заал баталгаажихын тулд бид таны байгууллагатай «Заал түрээслүүлэх түншлэлийн гэрээ» байгуулна. Гэрээг заалын удирдлагын «Баталгаажуулалт» хэсгээс бэлтгэж, Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу тоон гарын үсгээр зурна.
- Гэрээ байгуулахаас өмнө бичвэртэй нь танилцаж, заалтыг өөрчлөх, хасах, эсвэл шинэ заалт нэмэх санал гаргаж болно. Хоёр тал зөвшөөрсөн санал л гэрээнд тусгагдана. Систем автоматаар хэрэгжүүлдэг (төлбөр шилжүүлэг, цуцлалтын шатлал г.м.) болон хуулиар заавал байх заалт бүх түншид ижил тул тусад нь өөрчлөгдөхгүй.
- Гэрээ энэ нөхцөлөөс зөрвөл гэрээ давуу хүчинтэй.
5. Секц, дугуйлан (төлбөртэй модуль)
- Заалд тань явагддаг секц, дугуйланг бүртгэж, эцэг эхээс онлайн элсэлт, сарын төлбөр авах модулийг сарын багцаар ашиглана: «Суурь» — 20,000₮ (2 хүртэл идэвхтэй секц); «Хязгааргүй» — 50,000₮ (Хязгааргүй секц). Нэг төлбөрөөр 30 хоног сунгана. «Суурь» багцаас «Хязгааргүй» руу шилжвэл шинэ багц тэр өдрөөс эхэлж, «Суурь» багцын ашиглаагүй хоногийг үнийн харьцаагаар (40%) нэмж тооцно. Эцэг эхийн төлбөрөөс платформ шимтгэл авахгүй. Багц болон эцэг эхийн төлбөрийг QPay-ээр төлөхөд төлөгч өөрөө 1% гүйлгээний шимтгэлийг нэмж төлнө — заалд шилжих дүн хасагдахгүй.
- Багц дуусвал шинэ элсэлт, дараагийн сарын нэхэмжлэл зогсоно. Одоо байгаа гишүүд, төлсөн төлбөр хэвээр үйлчилнэ.
- Секцийн хичээлийн цаг онлайн захиалгаас автоматаар хаагдана. Давхцах захиалга байвал цуцлахаас өмнө танаас баталгаажуулна.
- Сарын төлбөрийг платформ хадгалж, тухайн сарын 7-нд (хожуу төлсөн бол төлснөөс хойш 24 цагийн дараа) таны дансанд шилжүүлнэ. Өр байвал дүрмийн дагуу суутгана.
- Секцийг хаах, эсвэл хүүхдийг хасах бол эцэг эхэд ашиглаагүй төлбөрийг буцаана. Танд шилжсэн сарын төлбөрөөс үлдсэн өдрийн хувийг платформ буцааж, таны өрөнд бичнэ.
- Хичээлийн чанар, хүүхдийн аюулгүй байдлыг заал хариуцна. Хүүхдийн мэдээллийг зөвхөн секцийн бүртгэл, ирц, төлбөрийн зорилгоор ашиглаж, гуравдагч этгээдэд дамжуулахыг Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хориглоно.
6. Захиалагч цуцлах
Захиалагч цуцалбал тоглолтын цаг дууссаны дараа заалын төлбөрийн доорх хувь танд шилжинэ:
| Захиалагч хэзээ цуцалсан | Заалд шилжих |
|---|---|
| Төлөхөөс өмнө | — |
| Тоглолт эхлэхээс 8+ цагийн өмнө | 10% |
| Тоглолт эхлэхээс 4–8 цагийн өмнө | 50% |
| Тоглолт эхлэхээс 2–4 цагийн өмнө | 75% |
| 2 цагаас бага хугацаанд, эсвэл ирээгүй | 100% |
Цуцлагдсан цагийг бусад захиалагчид дахин захиалах боломжтой болно.
7. Захиалга батлах горим
Та бүх, эсвэл шинэ захиалагчийн, эсвэл урт хугацааны захиалгыг хариуцсан хүнээрээ батлуулж болно. Хүсэлтэд тохиргоонд заасан хугацаанд хариу өгнө. Хугацаандаа хариу өгөөгүй хүсэлт автоматаар цуцлагдана. Сул цаг байсан ч батлаагүй захиалга хийгдэхгүй.
8. Заал захиалгыг цуцлах
Гэнэтийн арга хэмжээ зэргээр баталгаажсан захиалгыг цуцлах шаардлага гарвал системээр цуцална. Систем захиалагчид өөр боломжит заал, цагийг санал болгоно. Захиалагч татгалзвал хадгалсан мөнгийг бүтнээр буцаана — тухайн захиалгаас танд шилжих мөнгө байхгүй. Нэмэлтээр:
| Мэдэгдсэн хугацаа | Заалын хариуцах зардал |
|---|---|
| 72+ цагийн өмнө | Нэмэлт төлбөргүй |
| 24–72 цагийн өмнө | Захиалагчид буцаасан платформын хэсэг (цагт 5,000₮) |
| 24 цагаас бага | Захиалагчид буцаасан платформын хэсэг (цагт 5,000₮) + захиалагчид олгосон хөнгөлөлтийн эрх (түрээсийн 10%, доод тал нь 1,000₮) |
Захиалагч өөр заалын хувилбар руу шилжвэл хадгалсан мөнгийг тэр заалд шилжүүлнэ. Шинэ заал илүү үнэтэй бол зөрүүг платформ төлж, таны дараагийн орлогоос суутгана.
9. Тоглох боломжгүй гомдол
- Захиалагч заалд ирээд тоглох нөхцөл хангагдаагүй бол (хүйтэн, гэрэлгүй, хаалттай г.м.) тоглолт эхлэхээс 30 минутын өмнөөс эхэлснээс хойш 15 минутын дотор зурагтай гомдол гаргаж болно. Танд тэр даруй мэдэгдэнэ.
- Гомдол шийдэгдэх хүртэл тухайн захиалгын мөнгө танд шилжихгүй. Та өөрийн тайлбар, зургаа бидэнд ирүүлж болно.
- Үндэслэлтэй гэж шийдвэл захиалагчид төлсөн үнийг бүтнээр буцааж, платформын хэсгийг таны өрөнд бичнэ. Үндэслэлгүй бол мөнгө танд шилжинэ.
10. Ирээгүй захиалга
- Захиалагч ирээгүй бол тоглолт эхэлснээс 15 минутын дараагаас дууссанаас хойш 24 цаг хүртэл «Ирээгүй» гэж тэмдэглэж болно. Мөнгө буцахгүй, танд шилжинэ; захиалагчийн найдвартай байдлын оноо буурна.
- Буруу тэмдэглэснийг 24 цагийн дотор залруулна (тэр хооронд цагийг өөр хүн захиалаагүй бол). Захиалагч тоглолт дууссанаас хойш 72 цагийн дотор маргаж болно; бид хоёр талыг сонсож шийднэ. Захиалагчийн талд шийдвэл тэмдэглэгээ цуцлагдаж, дахин тэмдэглэх боломжгүй. Мөнгөний шилжүүлэгт нөлөөлөхгүй.
11. Өр суутгал
- Өрийг дараагийн захиалгуудын орлогоос автоматаар суутгана. Нэг захиалгын орлогын 50%-иас илүүг суутгахгүй.
- Өр 300,000₮-өөс (эсвэл тохиролцсон хязгаараас) хэтэрвэл өр буурах хүртэл шинэ онлайн захиалга түр хаагдана. Удаан хугацаанд төлөгдөөгүй өрийг хуулийн дагуу нэхэмжилнэ.
- Өрийн үлдэгдэл, суутгалын задаргааг бидэнтэй холбогдож лавлана.
12. Үнэлгээ, гомдол
- Зөвхөн бодит захиалагч үнэлнэ. Та үнэлгээ бүрд нэг удаа олон нийтэд харагдах хариу бичиж болно. Үнэлгээг устгах эрхгүй.
- Зохисгүй үнэлгээг «мэдэгдэх» боломжтой. Бид «Үйлчилгээний нөхцөл»-ийг зөрчсөн эсэхийг шалгана.
- Захиалагч гомдол гаргавал бид заалын тайлбарыг сонсоод шийдвэрлэнэ. Шийдвэрээр захиалагчид буцаасан дүн заалын өрөнд бичигдэж болно.
13. Зураг, мэдээллийн эрх
Таны оруулсан зураг, тайлбарыг платформ болон түүний сурталчилгаанд заалыг харуулах зорилгоор ашиглах эрхийг та бидэнд олгоно. Бусдын зохиогчийн эрхтэй зургийг зөвшөөрөлгүй оруулахгүй. Зохисгүй зургийг бид устгаж болно.
14. Ажилтны эрх
Эзэмшигч ажилтнаа нэмж, захиалга батлах эрх олгоно. Ажилтны системд хийсэн үйлдлийг заал хариуцна.
15. Гэрээ дуусгавар болох
- Та платформоор дамжуулан 30 хоногийн өмнө мэдэгдэж гэрээгээ цуцалж болно (түншлэлийн гэрээнд өөрөөр тохиролцоогүй бол). Гарахаас өмнө ирээдүйн баталгаажсан захиалгуудыг биелүүлж, өрөө барагдуулна.
- Давтан цуцлалт, бодит бус мэдээлэл, захиалагчийн эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд бид заалыг түр эсвэл бүр мөсөн зогсоож болно.
16. Бусад
Энэ нөхцөлд заагаагүй асуудалд «Үйлчилгээний нөхцөл», «Нууцлалын бодлого» үйлчилнэ.
17. Холбоо барих
- «Смарт Эйкшн» ХХК (регистр 4435575), Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС5-515
- Утас: 9925-2662 (Даваа–Баасан 09:00–18:00)
- Имэйл: info@gozaal.mn